С.Болор-Эрдэнэ: Хонины сүүл харааны хөгжил, ой тогтоолт, дархлааны тогтолцоонд сайн
БНСУ-ын Бусан хотын Инжэ их сургуулийн Зүрх судас, бодисын солилцооны өвчлөл төвд (Cardiovascular & Metabolic Disease Center) докторантурт суралцаж буй С.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ханиадны ид үе ирж байна. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн асрах хэрэгтэй вэ?
-Ханиад томууны дэгдэлт ихсэж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг аль болохоор их дэмжих хэрэгтэй. Гэхдээ дархлааг дэмжиж байна гээд янз бүрийн витамин их уулгахдаа биш, гол нь хүүхэд хоол хүнснээсээ шим тэжээл авдаг учраас олон төрлийн хүнсний ногоо, талх үр тариа, вандуй, мах, шар буурцаг зэрэг уураг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал.
-Солонгост хүүхдийн ханиад, хатгаа ер нь хүйтний улиралд хэр түгээмэл байдаг вэ? Монголд хүүхдүүд ханиаж, тэр нь бронхит болж үгдэрсээр өвөлжингөө ханиадаг. Ер нь хүүхдийн эмчилгээний чанар Монголоос ялгагдах үндсэн ялгаа нь юу вэ?
-Цаг уурын нөхцөл байдал нь Монголтой харьцуулахад чийглэг уур амьсгалтай учраас ханиад томууны дэгдэлт харьцангуй бага байдаг. Гэхдээ мэдээж хүйтний улиралд ханиад томуу ихсэж хүүхдийн эмч нарын ачаалал нэмэгддэг. Солонгост эмч нар хүүхдийг ДЭМБ-аас баталсан стандартын дагуу эмчилж, стандартаа маш нарийн мөрддөг. Эмч нар өвчтөнг хэзээ эргэж ирэх өдрийг нь нарийн сайн товлон, эмчилгээнийхээ үр дүнг сайтар хянаж, эргэх холбоог маш сайн тогтоодог. Эцэг эхчүүд эмчийн зөвлөгөө, зааврыг маш сайн дагана. Хэзээ ч дур мэдэн эмийн сангаас эм сонгож авахгүй. Эмийн санч ч гэсэн эмчийн жоргүйгээр эм олгохгүй. Эмчийн жоргүй олгох эмүүд эмийн санд нь байдаг боловч худалдаж авах нь эмчид үзүүлээд эмээ сонгож авснаас илүү үнэтэй. Учир нь Солонгост эрүүл мэндийн даатгалын тогтолцоо өндөр түвшинд хөгжсөн. Ихэвчлэн шинж тэмдэгт нь тохирсон зөөлөн эмчилгээг сонгодог. Антибиотик эмчилгээг хийхдээ үргэлж антибиотикт мэдрэг чанарыг нь тогтоож, тухайн хүүхдэд тохирсон антибиотикийг сонгодог. Хэдхэн хоногийн өмнө Солонгост амьдардаг нэгэн ээж зургаан настай хүүхдээ ханиад хүрэх бүрт нь Монголоос захиж авчруулсан антибиотикийг өгч, интернетээс янз бүрийн ханиад эмчлэх арга хэрэглэснээр хүүхдийн биеийн байдал хүндэрсэн байсан.
Эмнэлгийн үзлэг шинжилгээгээр хүүхэд хатгаатай, уушги устчихсан цусанд Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA) бактери илэрсэн байсан. Энэ бактери нь стафилококк грам сөрөг бактериас үүсдэг антибиотикт (пенициллин, цефалоспорины бүлэг) тэсвэрт бактери юм. Энэ MRSA бактери нь хүний биеийн аль ч хэсэгт тархан халдварладаг. Ялангуяа амьсгалын эрхтэн тогтолцоо, арьс салст, шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоог ихээр гэмтээдэг. MRSA бактери нь зургаан настай хүүхдийн амьсгалын эрхтэн тогтолцоог бүхэлд нь хамарсан байсан. Хүүхдэд яаралтай хагалгаа хийсэн боловч өвчнөө даалгүй нас барсан харамсалтай тохиолдол гарсан.
Монголоос ялгагдах үндсэн ялгаа нь эцэг эхчүүд их хариуцлагатай, эмчийн зааврыг маш сайн дагана. Мөн эмч, эмнэлгийн ажилчид эмчилгээний стандартыг сайтар мөрдөнө, эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгал маш нарийн бүтэц зохион байгуулалттай хөгжсөн.
-Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг аргаас нь хуваалцана уу?
-Солонгосчуудын хувьд хүүхдийнхээ хувцаслалтад их анхаардаг. Хэт их бэгнээд байдаггүй. Цаг уурынхаа нөхцөл байдалд тохируулаад хүүхдээ хөл нүцгэн явуулж, хүзүүнд нь байнга жижиг алчуур зүүсэн байгаа харагддаг. Амин дэмээр баялаг хоол хүнс их өгч, зундаа нар, усаар их чийрэгжүүлдэг. Солонгос ээжүүд ер нь их хариуцлагатай хүүхдийнхээ нас бүрийн онцлогт тохирсон асаргаа сувилгааг маш сайн хийдэг. Тиймээс ч бага болон өсвөр насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын эрхтний өвчлөл маш бага. Сүүлийн үед манай эцэг эхчүүд хүүхдээ ханиаднаас урьдчилан сэргийлж байна гээд ханиадны эсрэг вакцин их хийлгэх болжээ. Энэ нь ханиад огт хүрэхгүй гэсэн үг биш. Хүүхэд угаасаа ханиад томуу хүрч цаашдын дархлаа нь тогтдог учраас вакцин хийлгэж ханиаднаас урьдчилан сэргийлэх шаардлагагүй гэж сүүлийн үеийн судалгаануудын дүн харуулж байна. Мөн орчны эрүүл ахуй, гарын ариун цэврийг сайтар сахиж, өрөө тасалгаагаа чийгшүүлэх, агаарын солилцоо болон чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
-Солонгос, япончууд хүүхдээ хөлнөөс нь дулаалаад байдаггүй гэж сонсож байсан. Та ч мөн үүнийг баталж өглөө. Хөлнөөс нь дулаалахгүй байх ямар ач холбогдолтой юм бол? Монгол орны уур амьсгалд энэ арга хэр зэрэг тохиромжтой гэж та боддог вэ?
-Анагаах ухаанд хүүхдийг хөлөөрөө амьсгалдаг гэж үздэг. Хөлнөөс хэт дулаалахгүй байх нь хоолойн өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг. Эрт дээр үеэс манай монголчууд зун эртээ босоод өглөөний хяруунаар хөл нуцгэн явбал тэр өвөлдөө ханиад томуу хүрэх нь бага гэж ярьдаг байсан нь ч учиртай. Өвлийн улиралд манай орны цаг уурын нөхцөл байдалд хүүхдийг хөл нүцгэн явуулах нь мэдээж тохиромжгүй. Харин зун, хавар намрын улиралд хүүхдээ хөл нүцгэн явуулж чийрэгжүүлэх хэрэгтэй.
-Сүүлийн үед манайд шим тэжээлгүй хоолноос болж илүүдэл жинтэй хүүхэд олширч эхэллээ. Гэвч эцэг эхчүүд хүүхэд томрохоороо мяраагаа гээж, хэвийн жиндээ орно гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Илүүдэл жин хүүхдэд хэр зэрэг муу үр дагавартай вэ?
-“Хүүхэд илүүдэл жинтэй байна” гэж юу байсан юм бэ? гэж хэдхэн жилийн өмнө хүмүүс их гайхдаг байсан. Ер нь хүүхэд мяраатай байх нь сайн ч гэж боддог хүмүүс байдаг. Өнөөгийн байдлаар хүүхдийн илүүдэл жин гэдэг нь дэлхийн анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2011-2015 оны судалгаанаас харахад хүүхдийн илүүдэл жингийн тархалт Америкт 2-5 насны хүүхдүүдийн 8.9 хувь, 6-11 насны хүүхдүүдийн 17.2 хувь, 12-19 насны хүүхдийн 0.5 хувь нь илүүдэл жинтэй байна гэсэн статистик тоо баримт гарсан. Хүүхдийг илүүдэл жинтэй болгохгүйн тулд зөв хооллож сургах, хөдөлгөөн ихтэй байлгах гэсэн хамгийн энгийн хоёр үндсэн арга бий. Хүүхэд үргэлж хөдөлгөөнтэй, илүүдэл жингүй байх ёстой. Ялангуяа бүсэлхийн тойргийн хэмжээ нэмэгдэх нь чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх гол эрсдэлтэй хүчин зүйл болдог. Нэгэнт илүүдэл жинтэй болсон хүүхдийн хооллолт хөдөлгөөн дээр нь маш сайн анхаарч ямар шалтгаанаар илүүдэл жинтэй болсныг нь тогтоох хэрэгтэй. Тухайлбал бөөрний эмгэг, зүрх судасны эмгэг, дотоод шүүрлийн эмгэгүүдийн үед хүүхэд их жин нэмдэг. Тиймээс хүүхдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд улирал тутам хамруулж халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал ач холбогдолтой юм.
-Эрүүл хооллох хэрэгтэй гэж та их ярьж байна. Монголын нөхцөлд хүүхдээ ямар эрүүл хүнсээр түлхүү хооллох вэ?
-Хүүхдээ бор хоолонд орсон цагаас нь зөв хооллоход анхаарах хэрэгтэй. Зургаан сар бол хүүхдийн бие организмын өсөлт, хөгжлийн хувьд томоохон өөрчлөлт гардаг чухал үе юм. Зургаан сараас эхлэн хүүхдийн үүдэн шүд, сүүн шүд ургаж эхэлдэг учраас буйл загатнах, хазах, хоолыг зажилах үйлдэл бага багаар хийж эхэлдэг. Үүнээс гадна хүүхдийн бие организмд маш олон сая эд эс төлжиж хөгжиж байдаг тул олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг шаарддаг. Манай орны хувьд олдоц сайтай хүнсний ногоонууд болох лууван, төмс, брокколи, хулуу, сонгино, махны шөл, өндөг, тараг, жимс жимсгэнийн нухаш гэх мэт витаминлаг, тэжээллэг хоол хүнсийг нь сонгох нь чухал юм. Хүүхэд маханд эрт орох тусмаа бусад хүнс, хүнсний ногоо, жимс, гурил будаа зэргийг идэх зуршил буурч дургүй болдог ба дан мах идэх сонирхолтой болдог. Тиймээс махан хоол өгөхөөс өмнө хүнсний ногоогоор хийсэн нухаш, будаа, гурил өгч идүүлж сургах хэрэгтэй. Махан хоолыг өдрийн эхний хагаст хэрэглэж занших, учир нь сүүлийн хагаст хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч, нойрыг нь сэргээх талтай. Манай Монголчууд эрт дээр үеэс хүүхдүүдээ сүүл хөхүүлж ирсэн, хонины сүүлний өөх нь ханаагүй хүчил ихтэй, тэжээлэг чанар өндөр, кальци ихтэй байдагыг хэд хэдэн судалгаанаас харж байсан. Хонины сүүлэнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, харааны хөгжил, ой тогтоолт болон хүүхдийн дархлаа тогтолцоог дэмжих зэрэг сайн нөлөөтэй. Мөн цус багадалтаас сэргийлдэг.
Тогтмол биш ч долоо хоногт 1-2 луувангийн нухаш хийж өгөх хэрэгтэй. Лууван нь байгалийн чихэрлэг амттай бөгөөд бета-каротин, витамин А гэсэн хүүхдийн биед хэрэгтэй эрдсийг агуулдаг. Төмс витамин С, кали агуулдаг бол хулуу бета-каротин, шим тэжээл агуулдаг байна. Харин брокколи нь хүүхдийн шилдэг хүнс гэж хэлж болно. С витаминны эх үүсвэр, мөн бета-каротин, фолийн хүчил, төмөр, кали, антиоксидант агуулж, хорт хавдраас эрт сэргийлж чаддаг байна. Брокколи, гурвалжин будаатай хоол бол 8-9 сартай хүүхдийн хамгийн тэжээллэг хоол юм. Бор будаа нь будааны төрлийн хүнснээс хүүхдийн биед хамгийн тохиромжтой, бодисын солилцоог тэтгэдэг, тэжээллэг хүнс юм. Ээдэм, жимс юм уу ногооны нухаш зэргийн хөнгөн хоолыг эхний болон сүүлийн хоолонд түлхүү оруулбал хүүхдийн хоол боловсруулах тогтолцоонд сайн. Их хэмжээний глюкоз агуулдаг зөгийн балыг хүүхдэд болгоомжтой өгөх хэрэгтэй. Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 200-250 мл орчим байна. Ой хүрсэн хүүхдийг хооллох дэглэм хагас хагас жилээр өөрчлөгддөг. Энэ үед хүүхдэд хоолыг нь 10-11 сард өгч байсан шиг давтамжтай, хагас шингэн, нухаш хэлбэрээр үргэжлүүлэн өгөх хэрэгтэй. 1.5-2 настай хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт идэх хоол нь өглөөний цай 25 хувь, үдийн хоол 30-35 хувь, их үдийн цай 15-20 хувь, оройн хоол 25 хувь эзэлнэ.